Улаанбаатар Хот, Баянгол Дүүрэг, Corel center, 3-н давхарт

Шууд холбогдох: (976) 80808022
Хивсээ арчлах хялбар аргууд

Айл бүрт том жижгээрээ заавал байдаг зүйлийн нэг бол хивс. Хивс дулаахнаас гадна дуу чимээ шингээх нь сайхан байдаг. Харин арчилгаа цэвэрлэгээ нь жаахан төвөгтэй. Гэсэн ч аргыг нь олвол хэцүү зүйл үгүй. Эзэгтэй нараа анхаарлаа хандуулаарай.

1. Танайх шинэ хивс авсан бол эхний 1-2 сардаа өдөр бүр тоос сорогчоор цэвэрлэх хэрэгтэй. Шинэ хивсний гадаргуу дээрх сул богино ширхгүүд болон үхмэл үс эхний үед ихээр унадаг бөгөөд энэ нь таны санаа зовох зүйл биш юм. Яагаад гэвэл энэ нь  бүх төрлийн хивсэнд адил тохиолддог бөгөөд хэсэг  хугацааны эдэлгээний дараа арилна.

2. Хивсийг хиртэж бохирдохоос хамгаалах хамгийн гол  арга бол гадуур гуталтайгаа гишгэхгүй байх явдал  юм. Тогтмол зөв цэвэрлэгээ нь хивсний насыг  2-3 дахин уртасгадаг.

3. Хивсний тоосыг соруулахдаа  тоос сорогчийн үстэй сойзон хэсгийг ашиглана. Хэрвээ тоосыг тогтмол соруулахгүй бол тоос шороо хивсний гүнд шигдэн орж, хүний хөлийн гишгэлтээр ширхэгт материалуудыг таслан гэмтээж эхэлдэг. Энэ нь хивсний эдэлгээний насыг богиносгож, өнгө үзэмжийг бууруулдаг байна.

4. Хивсэн дээр асгарсан шингэн зүйл болон хоолны үлдцийг цэвэрлэхдээ мохоо хутга болон халбага ашиглан хусаж авна. Дараа нь  чийгтэй алчуураар  сайтар арчаад хатаана.

5. Чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа хурдан хатаахын тулд хивсийг шалнаас өргөж агаар оруулах хэрэгтэй.

6. Цэвэрлэх бодисуудыг тохирох хэмжээгээр нь хэрэглэж, үлдэгдлийг хивсний гадаргуугаас сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Сүүлийн үед хивс цэвэрлэгээний олон бүтээгдэхүүн гардаг болжээ. Дуудлагаар цэвэрлэх үйлчилгээ ч олон болсон. Гэхдээ гар угаалгын тусгай шингэнийг аваад өөрсдөө хивсээ угаавал мөнгөө хэмнэхийн зэрэгцээ хөдөлгөөн байнга дутагдаг биеийнхээ муу хөлсийг ганц удаа ч гаргахад болохгүй нь юу байхав. Аминчхан нэг зөвлөгөө хэлэхэд тусгай зориулалтын шингэнээ багахан хэмжээтэй усанд хийгээд сайтар хөөсөрсний дараа төмс, ногооны мяндсан уутаар зүлгэхэд янзтай гоё өнгө ордог юм билээ.

7. Хивсийг ямар ч тохиолдолд бусад төрлийн химийн бодисууд болон цайруулагчаар цэвэрлэж болохгүй. Цайруулагч бодисууд нь хивсний будгийг гэмтээх аюултай. Угаалгын нунтгаар цэвэрлэсэн  үед үлдэгдлийг гадаргуугаас бүрэн салгахад хэцүү бөгөөд  гадаргуу дээр үлдсэн үлдэгдэл нь бохирыг ихээр өөртөө татдаг.

8. Автомат угаалгын машинуудад зориулсан угаагч бодисуудаар хивсийг цэвэрлэж болохгүй. Ихэнх автомат угаалгын нунтгууд нь цайруулагч бодис агуулсан байдаг.

 

 

9. Цайвар хивсний шарласан өнгийг  цууны хүчлийн  устай  тэнцүү уусмалаар арчиж өнгийг сэргээнэ. Ихэнх хивс цэвэрлэгээний бодисууд нь шүлтлэг  байдаг бөгөөд тэдгээрийн  байнгын хэрэглээ нь хивсний өнгийг үхүүлдэг. Харин цууны хүчлийн уусмал нь хивсний өнгийг сэргээж зөөлрүүлэн,  хивсний эдэлгээний  насыг уртасгадаг.

10. Хивсийг хэрэглээгүй   үед нугалж эвхэлгүй, хуйлж ороон  хуурай сэрүүн газар хадгална. Удаан хугацаагаар  хивсийг хадгалахдаа цагаан эрвээхийн эсрэг бодисыг хуурай болон цаасан дээр наасан хэлбэрээр заавал хэрэглээрэй.

11. Хивсэн дээр  хурц хөлтэй хүнд зүйл болон тавилгуудыг нэг газар удаан хугацаагаар тавьж болохгүй. Хивсний жигд биш элэгдлээс хамгаалахын тулд үе үе хивсийг сольж байрлуулж байгаарай.

12. Тамхины очоор түлсэн хивсний хэсгийг зөвхөн  нөхөн засалтаар засна. Гэхдээ хурц хайчаар үслэг гадаргуугийн харласан хэсгийг болгоомжтой хайчилж авч үзэгдэх байдлыг сайжруулж болох юм.